Шалгалтын тухай

Япон хэлний мэдлэгийн түвшин тогтоох шалгалт (Japanese-Language Proficiency Test, товчилсон нэр: JLPT) нь Японы Олон Улсын Боловсролыг Дэмжих Сан болон Японы Сангаас зохион байгуулдаг төрөлх хэл нь япон хэлнээс өөр хүмүүсийн япон хэлний мэдлэгийн түвшинг баталгаажуулах зорилготой шалгалт юм. Тус шалгалтыг Японд Олон улсын боловсролыг дэмжих нийгэмлэг, гадаад орнуудад Японы сан тухайн улс дахь япон хэлний боловсролын байгууллагатай хамтран зохион байгуулдаг.

2019 оны байдлаар япон улсыг оролцуулаад дэлхийн нийт 87 улс, бүс нутагт жилд хоёр удаа 7-р сарын эхээр, 12-р сарын эхээр зохион байгуулагддаг. Япон улсын иргэншилтэй байхаас үл хамааран япон хэл төрөлх хэл нь биш бүх хүн энэхүү шалгалтыг өгөх боломжтой.

2010 онд N1-N5 гэсэн таван түвшин болж шинэчлэгдсэн. "N" нь "нихонго", мөн англи хэлний “new”буюу “шинэ” гэсэн утгатай. Хамгийн дээд түвшний N1-ээс хамгийн доод түвшний N5 хүртэл таван түвшингийн шалгалт байдаг.

Япон хэлний түвшин тогтоох шалгалтын дүнг Япон улсад их дээд сургуульд элсэн орох, ажлын виз авах, хэрвээ ажил хийдэг бол албан тушаал ахих, тусгай мэргэшлийн гэрчилгээ авах зэрэг олон зорилгоор ашиглах боломжтой. Монгол улсад 2000 оноос эхлэн Япон улсын Япон сангийн дэмжлэгтэй “JLPT-Япон хэлний мэдлэгийн түвшин тогтоох шалгалт”-ыг Монголын япон хэлний багш нарын холбоо зохион байгуулж ирсэн.

Шалгалтын талаарх мэдээлэл авах болон бүртгүүлэх бол jlpt.mn цахим хуудсыг үзнэ үү.